Бидний тухай
Түүхэн замнал
Манай байгууллага нь Сэтгэл зүрхээрээ нэгдсэн хэсэг бүлэг эцэг эхчүүдийн санаачилгаар 2001 оны 5 дугаар сард “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо” ТББ нэртэйгээр үүсгэн байгуулагдсан.
Үйл ажиллагаагаа анх нэгдсэн эмнэлгийн амбулаторийн физик эмчилгээг түшиглэн нөхөн сэргээх “Буян” төв нэртэйгээр тухайн жилээсээ явуулж эхэлсэн ба 2017 онд үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын хөгжлийн төв” Төрийн бус байгууллага нэршилээр өнөөдрийг хүртэл тасралтгүй 23 жил явуулж иржээ.
Бидний Бахархал
Тус төрийн бус байгууллагын Тэргүүний санаачилгаар 2010 онд Монгол улсын хэмжээнд анхны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудад зориулсан төвийн барилгыг бий болгон, өөрийн байртай болж, нийслэл, орон нутагт ижил төрлийн төвүүд байгуулагдах эхлэлийг тавьж, сайн туршлага жишиг, үлгэр дуурайлал болсон нь бидний бахархал билээ.
Талархал
Төвийн барилгыг бүтээн барьж байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Нидерланд улсын иргэн Дирк Регтер, түүний эхнэр Труди, АНУ-ын сайн дурын ажилтан Майкл бурден, Аймгийн засаг дарга, үе үеийн аймгийн удирдлага, төрийн байгууллагын хамт олон, Хүүхдийг ивээх сангийн н.Гэрэлтуяа болон түүний хамт олон, Канад сангийн н.Ариунаа түүний хамт олон, бидний ажлыг дэмжин хамтран ажилладаг Олон улсын байгууллага, Хувь хүн, Аж ахуй нэгжүүд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай
Бидний зорилго
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах, нийгмийн үйлчилгээнд тэгш хамруулж, төлөвшүүлэн, засан сайжруулах, олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх, тэдний гэр бүлийн гишүүдийг мэдээллээр ханган чадваржуулах, нийгмийн идэвхтэй гишүүн болоход Төр, Төрийн Бус Байгууллага, Олон Улсын Байгуууллага, Хувийн хэвшилтэй хамтран ажиллах
Манай хамт олон
Бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг бүрэн дүүрэн эдлүүлэх, нийгмийн бүх үйлчилгээнд хамруулах, төлөвшүүлэх, эерэг ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж ажиллаж байна.
Хүүхэд хөгжлийн төвөөрөө ялгаатай хэрэгцээнд нь нийцүүлэн нөхөн сэргээх, бариа эмчилгээ хийх, боловсролын үйлчилгээгээр дэмжин, хөгжүүлж төлөвшүүлэн, хөгжлийн цогц дэмжлэг үзүүлж байна.
БИДНИЙ АМЖИЛТ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ТАЙЛАН
- Төвийн байртай болсноор сүүлийн 13 жилийн хугацаанд давхардсан тоогоор 2000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эрүүл мэндийн чиглэлээр нөхөн сэргээх, засан сайжруулах, ахуйн дадал хэвшлийг чадамжинд нь тохируулан олгож, хүүхэд бүрт “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө” гаргаж боловсролын үйлчилгээ үзүүлж тэдний 70% нь сайжирсан.
- 2011-2024 он хүртэл 13 жилийн хугацаанд засан сайжирсан 330 гаруй ХБХ-ийг СӨБ, ЕБС, МСҮТ-д зуучилан хамруулсан.
- “БИД ЭРХЭЭ ЭДЭЛЖ, БАЯЛАГАА БҮТЭЭНЭ” уриатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 210 эцэг эхчүүдийн чуулга уулзалтыг жил бүр зохион байгуулдаг ба нийт 12 удаа амжилттай зохион явуулсан.
- Чуулганд оролцсон ХБХ-тэй эцэг эхчүүдээс гарсан санал, тулгамдаж байгаа асуудлыг зөвлөмж болгон орон нутгийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын холбогдох байгууллага руу жил бүр хүргэж, тулгамдаж байгаа асуудлыг шийдүүлж ажилласаар ирсэн байна.
МАНАЙ БАЙГУУЛЛАГА ХАМТ ОЛОН ОН ЦАГ ХУГАЦААНД АЖИЛ ҮЙЛСЭЭРЭЭ ШАЛГАРАН УЛС, АЙМАГ ОРОН НУТГИЙН ШИЛДЭГ ТЭРГҮҮНИЙ, ХҮМҮҮНЛЭГИЙН БАЙГУУЛЛАГА БОЛСОН БАЙНА.
- ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА
- БАЯНХОНГОР АЙМГИЙН ШИЛДЭГ ТББ-2 УДАА
- МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСТЭН ТББ
- ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА
- БАЯНХОНГОР АЙМГИЙН 2019 ОНЫ ИРГЭНИЙ НИЙГМИЙН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА гэх мэт